Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-08 09:46:17

БЕРН. /NHK/. Энэ сарын эцсээр Швейцарын Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.


Хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хийгээд тогтворгүй байдалтай нүүр тулгарч буй хэдий ч асар их нөөц бололцоотой хэвээр байгаа аж. Чуулга уулзалтын үеэр дэд дарга В.Цишань БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, даяарчлал зэрэг сэдвийн хүрээнд үг хэлэх ажээ.


“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон бусад төлөөлөгчийн хамт Давос хотод хүрэлцэн очно” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерс өнгөрсөн сард мэдээлсэн билээ.


Д.Трамп болон В.Цишань нарын уулзах боломжийн талаархи сэтгүүчийн асуултад Лу Кан хариулахдаа, одоогийн байдлаар төлөвлөсөн яриа хэлэлцээ байхгүй байна гэжээ.


Харин Хонконгт төвтэй “South China Morning Post” сонинд мэдээлснээр, дэлхийн эдийн засгийн жил тутмын чуулга уулзалтын хүрээнд АНУ-БНХАУ-ын төлөөлөгчдийн өндөр түвшний уулзалт болж магадгүй аж. 


Энэ удаагийн чуулга уулзалт нэгдүгээр сарын 22-25-нд болно.

Холбоотой мэдээ