"Бадамлах дөл" станцын дулаан хангамж доголдолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-07 15:38:57

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн 1700 айл өрх, 103 аж ахуй нэгж байгууллага, 21 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг "Бадамлах дөл" ХХК-ийн станцын дулаан хангамж одоогийн байдлаар жигдрээгүй байна.

Тус  станцын хэрэглэгч 36 айлын орон сууц, 24 айлын орон сууц, Гүн чандмань компани, Ховд их сургуулийн 30 айл, Буянтын боргио компанийн байр зэрэг 10 гаруй орон сууц, Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 11 дүгээр цэцэрлэг, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ЗДТГ зэрэг төрийн болон төсөвт аж ахуйн нэгж, байгууллагын дулаан хангамжид  доголдол  үүсээд  байна. Тиймээс  "Бадамлах дөл" компанийн  дулааны  станцын халаалт, дулаан хангамж доголдож буй шалтгааныг тодорхойлох зорилгоор орон нутгаас "Шуурхай ажлын хэсэг" байгуулан ажиллаж байгаа бол Улаанбаатар  хотоос хяналтын зөвлөх  инженерүүдийг Ховд аймагт урьж ажиллуулж байна. Шуурхай ажлын хэсгийнхэн шугам сүлжээнд хэсэгчилсэн засвар  хийх, хүнд даацын машинаар газар ухаж, зарим хөлдсөн газарт дугуй шатааж, шугам сүлжээний усны алдагдлыг тогтоохоор ажиллаж байна.  

Тус ажлын явц, "Бадамлах дөл" компаний дулааны станцын шугам сүлжээний горимын  тохиргоо, шугам сүлжээнд хийсэн техникийн хяналт шалгалтын талаар аймгийн Онцгой комиссын 01 дүгээр сарын 06-ны өдрийн  хуралдаанаар хэлэлцээд шугам сүлжээнд хэсэгчилсэн засвар  хийх, усны алдагдлыг яаралтай олох, багасгах  арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.

Н.Лхагва


Холбоотой мэдээ