Малын хулгайн хэрэг ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-07 10:23:45

Дорнод /МОНЦАМЭ/. Мал, махны үнэ өссөнтэй холбоотойгоор малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сүүлийн үед малыг бэлчээрт нь нядалж, толгой, гэдсийг нь хаяж явсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, шинэ оны өмнөхөн ердөө хоёр хоногийн дотор Дорнод аймгийн Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр сумдад малыг бэлчээрт нь нядалж, ачиж явсан тохиолдол дараалан гарсан байна.

Өнгөрсөн онд Дорнод аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн 93 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил өрнүүлж байгаа ч төдийлөн буурахгүй байна. Учир нь иргэд бог малаа байнгын хариулгагүй орхих, бод малыг олон хоногоор бэлчээрт зөнд нь орхиж байгаа нь гэмт этгээдүүдэд олз болж байна гэдгийг Цагдаагийн газраас анхаарууллаа. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага төлбөртэй хүлээн авч байна. 

Холбоотой мэдээ