Мьянмарын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг парламентад танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-10 13:35:50

БАНГКОК. /TASS/. Сүүлийн саруудад Мьянмарт өрнөсөн улс төрийн гол явдал пүрэв гарагт буюу өнөөдөр шийдэгдэх төлөвтэй байна. Тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд гурван нэр дэвшигчийг парламентад танилцуулна. Нэр дэвшигчдийн нэг нь Ерөнхийлөгч болох бол түүний өрсөлдөгч дэд Ерөнхийлөгчийн албыг хашна.

Мьянмарт ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдал урьдчилан таамаглах аргагүй бөгөөд учир битүүлэг байгаа юм.  2015 оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд сөрөг хүчний Ардчиллын төлөөх үндэсний холбоо /АТҮХ/ нам 80 хувийн суудал авсан билээ.

Мьянмарын парламентын хоёр танхимын гишүүдийн зөвхөн дөрөвний гурвыг нь шууд сонгодог бол үлдсэн суудлын депутатуудыг Зэвсэгт хүчнээс томилдог. Гэхдээ АТҮХ нам нэр дэвшигчээ хялбархан дэвшүүлэхэд хангалттай олонхын суудал авсан боловч тус намын нэр дэвшигчийн асуудал одоог хүртэл таамаглал хэвээр байна. АТҮХ намын удирдагч, алдартай сөрөг хүчин, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи Мьянмарын Ерөнхийлөгч болох боломжгүй юм. Өөр улсын иргэншил авсан төрөл төрөгсөдтэй хүмүүс тус улсын дээд албан тушаалд өрсөлдөх эрхгүй байдаг. Ан Сан Су Чи нь Британийн эрдэмтний бэлэвсэн гэргий бол хоёр хүү нь Их Британийн иргэн бөгөөд Лондон хотод оршин суудаг.

Таиландын хараат бус редакцийн хамт олны хэвлэн гаргадаг Мьянмарын "Ирравадди" сонинд мэдээлж буйгаар, АТҮХ-ноос тус намын даргын ойрын хамтран зүтгэгч болох өдгөө 70 настай Тхин Чо нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байна. Найруулагч Люк Бессоны өөрийнх нь тухай “Хатагтай” хэмээх уран сайхны кино гарсны дараа мьянмарчууд “Хатагтай” гэж нэрлэх болсон Ан Сан Су Чи өөрөө улс орноо удирдах боломжоос татгалзахгүй гэдгээ нуухгүй байгаа юм. “Би Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөнө” гэдэг үгийг тэрбээр сонгуулийн дараа нэг бус удаа хэлжээ.

Хуучнаар Бирм улсын төрийн эрх 2010 он хүртэл цэргийн эрхтнүүдийн гарт байсан билээ. Ардчилсан улс болох эхний алхамыг тус улс таван жилийн өмнө хийсэн боловч парламентын анхны сонгуулиар цэргийнхэнд ойр Эв санааны нэгдэл, хөгжлийн холбооны нам төрийн эрхэнд гарсан юм. Тухайн үед сөрөг хүчний нам сонгуульд оролцоогүй байна. Харин цэргийн засаглалын үед Ерөнхий сайд байсан, чөлөөнд гарсан хурандаа Тейн Сейн 2011 онд Ерөнхийлөгч болсон байна. Тэгэхээр Мьянмарын шинэ Ерөнхийлөгч 1962 оноос хойших анхны иргэний удирдагч болно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ