Ц.Ганхуяг: АН-тай нэгдэх тухай асуудлыг гишүүд дэмжихгүй байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН ИЗНН-тай хамтарч сонгуульд орох санал тавьсан. Энэ хүрээнд санамж бичиг байгуулж, ажлын хэсгүүд ажиллаж байгаа. ИЗНН-ын сонгуульд байр суурь хэзээ тодорхой болох бол?
-Цагаан сарын өмнө санамж бичигт гарын үсэг зурсан. АН-ын зүгээс зорилго, үзэл баримтлал ижил төстэй намууд болох ИЗНН, МҮАН-д нэгдэх санал тавьсан. Бид улс төрийн соёлыг эрхэмлэн нэгдэх саналыг хүндэтгэж, гишүүдээрээ хэлэлцүүлье гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намууд нэгдэхтэй холбоотой асуудлыг заавал гишүүдээр хэлэлцүүлж, саналыг авсан байх ёстой. Намууд их хурлаа хийж, эцсийн шийдвэр гаргадаг хуультай учраас энэ дагуу манай нам гишүүдээрээ хэлэлцүүлэх асуудлыг дэвшүүлж санамж бичиг зурсан. Тухайн үед санамж бичгийн гарчиг нь өөр агуулгаар буюу нэгдэх асуудал шийдэгдсэн гэх мэтээр олон нийтэд хүрсэн. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэхийг хүсч байна. Цагаан сарын дараа манай үндэсний хороо хуралдаад, ирэх оны сонгуульд ИЗНН дангаараа, эвсэж эсвэл нэгдэж орох уу гэдгийг гишүүдээрээ хэлэлцүүлээд энэ гурван хувилбараар асуудлаа боловсруулж оруулж ирэх үүргийг удирдлагуудад өгсөн. Энэ дагуу ажиллаж байна. Гэтэл нэгдэх асуудлыг хэвлэлүүд илүү бичээд байгаа. Тэгэхээр нэгдэх гээд байгаа юм шиг иргэд ойлгоод байна. Цаг хугацааны хувьд нэгдэх бололцоо байна уу гэдгийг эргэж бодох хэрэгтэй. 4 дүгээр сарын 29-нөөс өмнө намууд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдсэн байх ёстой. Мөн энэ сарын 10-ны дотор манай орон нутгийн намын байгууллагууд хоорондоо уулзалт хийх байтал одоо хүртэл ойлголцолд хүрээгүй байна.
-ИЗНН энэ удаагийн сонгуульд яагаад дангаараа оролцож болохгүй гэж?
-Одоогоор тодорхойлсон уулзалт хийгээгүй учраас санал тавьсан намуудын нэрийг хэлээд хэрэггүй байх. Энэ сарын дундуур ИЗНН-ын байр суурь тодорхой болно.
-Нэгдэх, эвсэх, хамтрах аль нь ч байсан ИЗНН ирэх сонгуульд ямар хүнээ сойхоор төлөвлөж байна вэ?
-Бид бүх тойрогт хүмүүсээ өрсөлдүүлж чадна. Энэ удаагийн сонгуулиар УИХ, аймаг, НИТХ-ын төлөөлөгчдийг нэг өдөр сонгохоороо онцлог. Бидний тооцоолсноор нэг нам эсвэл нэг субъект 900 гаруй хүнийг дэвшүүлнэ гэсэн тоо гарч байгаа юм. Шилдэг 900 хүнийг тодруулж дэвшүүлнэ гэдэг мэдээж амаргүй.
-ИЗНН хэдэн гишүүнтэй вэ? Ийм тооны нэр дэвшигчийг өрсөлдүүлэх чадамж бий юу?
-ИЗНН бүх аймаг, дүүрэгт намын хороодтой. Анх манай нам 10 мянган гишүүнтэй байсан. Дараа нь 40 мянга хүрч, гишүүдийн тоо өссөн. Ер нь бид гишүүнчлэлийн тооны араас хөөцөлдөх хэрэггүй гэж үзсэн. Хамгийн гол үр дүн бол сонгуульд тухайн намыг сонгогчдын хэдэн хувь дэмжсэн гэдгээр нь асуудалд хандаж байх нь зүйтэй юм. 2012 оны сонгуульд Монголын 65 мянган сонгогч ИЗНН-ыг дэмжсэн. Тиймээс энэ тоог ахиулахын төлөө сонгуульд оролцох ёстой гэж бодож байна.
-Одоогийн байдлаар таны яриад байгаа 3 сонголтын талаар нам дотроо нээлттэй хэлэлцэж байгаа юм байна. Нэгдэх тухай ярьвал танай нам татан буугдаад АН-тай нэгдэнэ гэсэн үг биз дээ?
-Хуулийн этгээдийн өөрчлөн байгуулах буюу салах, тусгаарлах, нийлэх, нэгдэх, татан буугдах зэрэг олон янзын хэлбэр бий. Нийлнэ гэдэг бол хоёр нам татан буугдаад шинэ нам болохыг хэлж байгаа. Нэгдэнэ гэдэг нь нэг нам нь өөрөө татан буугдаад нөгөө намдаа орохыг хэлдэг. Үүнийг хууль ёсны дагуу явсан эсэхийг намуудыг бүртгэж хянадаг байгууллага болох Улсын Дээд шүүх хянаж, шалгаад хуулийн дагуу шийдвэр нь гарсан эсэхийг тогтоодог. Тиймээс манай нам цаг хугацааны хувьд боломж байгаа эсэхийг тооцож байна. Ер нь нэгдэх тухай асуудал хүндхэн болсон.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ