Аймгийн Засаг дарга албан газрын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-25 20:35:33

  Увс /МОНЦАМЭ/. Агентлаг, байгууллагын дарга, удирдлагуудын өчигдрийн цуглаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож, өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн, ирэх онд хийгдэх ажлын төсөв санхүү, чанар хүртээмжийн талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр, 2018 онд аймаг, сумын төрийн захиргааны байгууллагын албан хаагчид ажилдаа хариуцлагатай байж, сахилга, дэг журмыг баримтлан ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2019 онд илүү их хичээн ажиллахыг нийт төрийн албан хаагчдаас хүссэн юм.

Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 44 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд салбар бүрт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдэд хүрэх үр өгөөжийн хувьд ахиц дэвшил гарсан байна. Мөн цаашид анхаарч ажиллах асуудлууд байгааг ч Засаг дарга онцлон дурьдаж холбогдох хэлтэс байгууллагууд бодлогын түвшинд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Ирэх онд Увс аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг, “Ойрад” ХЖТ-ын барилга, усан бассейн, Улаангом коллежийн оюутны дотуур байр барих зэрэг 103 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан аж. Эдгээр болон бусад хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын зураг төсвийг бүрэн хийж, хурдан шуурхай гүйцэтгэн, шат шатандаа ажлын чанарт хяналт тавьж ажиллах ёстойг Засаг дарга мөн анхаарууллаа.

   2019 оны эхэнд хийгдэх ажлын хүрээнд 1 сард аймгийн аварга, тэргүүний хүмүүсийг шалгаруулж, Цагаан сарын өмнө шагналыг гардуулах тул салбарын тэргүүн шалгаруулах журмын дагуу зөв хүнээ тодорхойлж урамшуулах хэрэгтэйг үүрэгдсэн юм. Мөн шинэ жилийн арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан байгууллага бүр хариуцлагатай жижүүр ажиллуулах, албан хаагчдын аюулгүй байдалд анхаарах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

 

Холбоотой мэдээ