Умард Солонгос Монголоор дамжуулан хориглосон бүтээгдэхүүн авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-07 16:42:34

СӨҮЛ. /Bignewsnetwork/. Умард Солонгосын дипломатууд хориглосон бүтээгдэхүүнүүдийг хууль бусаар улс руугаа нэвтрүүлэхдээ Монголыг ашиглаж байна.

Хориг тавьсан тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг Монголоор дамжуулан Пхеньян руу оруулж байгаа бөгөөд уг ажиллагаа олон улсын хараа хяналтаас далд байна гэж “Radio Free Asia” мэдээлэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өнгөрсөн лхагва гарагт баталсан хориг арга хэмжээний тогтоолоор зэвсгийн бус худалдаа, хангамж, тухайлбал, 2000 доллароос үнэтэй тансаг зэрэглэлийн цаг, цаснаа болон уснаа явагчийг Умард Солонгос руу нэвтрүүлэхийг хориглосон билээ.

БНХАУ Умард Солонгосын худалдааг хаасантай холбогдуулан тус улсын дипломатууд цахилгаан болон тансаг зэрэглэлийн, хориглосон бараа бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулан авч байна гэж умард солонгос ажилтан хэлсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалж БНХАУ-аас “Radio Free Asia”-д мэдээлсэн байна.

Эдгээр бараа бүтээгдэхүүнийг хилээр шалгуулахгүй давуулахын тулд Умард Солонгосын дипломатууд өөрсдийн паспортоо ашиглаж байгаа тухай эх сурвалж дурдсан байна. Цөмийн зэвсэг болон пуужин боловсруулахад ашиглаж болдог цахилгаан барааны бүрэлдэхүүн хэсгийг Умард Солонгос Монголоор дамжуулан авч байна.

БНХАУ-аас Монгол руу орж байгаа хувь хүн эсвэл гуравдагч этгээдийн нэр дээр бүтээгдэхүүнүүдийг бүртгүүлж, хууль ёсны аж ахуйн нэгжүүдээр халхавчлан хууль бус энэ ажиллагааг нуун дарагдуулж байна гэж “Radio Free Asia” мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ