Цахим шууданг бий болгогч нас нөгчжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-07 11:24:00

НЬЮ-ЙОРК. /AP/. Цахим шуудан болон @ тэмдгийг зохиосон Рэй Томлинсон 74 насандаа нас нөгчжээ.

Компьютерын инженер болох тэрбээр зүрхний шигдээсээр нас барсан байна. Томлинсоны нас нөгчсөн тухай түүний хамтран зүтгэгч байсан, орчин үеийн интернэтийг зохион бий болгосон Винтон Серф мэдээлжээ.

1971 онд Томилсон “SNDMSG” тусгай командын тусламжтайгаар хоорондоо хол байгаа хоёр компьютерын хооронд захиа илгээхийг санаачилжээ. Тухайн үед тэрбээр  мэдээлэл дамжуулах цэргийн сүлжээний дэд бүтэц байгуулах ажил хийдэг  “Bolt, Beranek and Newman” компанид ажиллаж байв.

Мөн ондоо Томилсон АНУ-ын Батлан хамгаалах яамны Дэвшилтэт судалгааны агентлагийн бүтээсэн орчин үеийн интернэт сүлжээний загвар болох “ARPANET” сүлжээгээр хоёр компьютерын хооронд анхны зурвасыг дамжуулжээ.

Дараа жил нь тэрбээр “e-mail” үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор сүлжээний үйл ажиллагааны боломжийг нэмэгдүүлж, тодорхой системүүдэд шуудангийн хаягууд хамаатай гэдгийг харуулахын тулд @ тэмдгийг сонгосон байна. Үүнээс гадна, Томилсон компьютероор зурвас солилцох боломж олгосон "TENEX", хэрэглэгчид файл илгээж, хадгалах боломжтой болсон "CPYNET" программуудыг зохиожээ.

2012 онд тэрбээр  Интернэтийн алдрын танхимын гишүүн болсон байна.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ