УИХ-ын чуулганыг түр завсарлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 50.6 хувийн ирцтэй эхлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд, “11 дүгээр сарын 22-нд УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын даргад хандаж ирүүлсэн шаардлагын талаарх байр сууриа өчигдрийн үдээс хойшхи чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны хариуг бичгээр өгсөн” онцлов.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн тул уг асуудлыг өчигдөр намын бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагын үүднээс нэг өдрийн завсарлага авсан боловч бүлэг хуралдаж амжаагүй. Намын бүлэг одоо хуралдах шаардлагатай байгаа учраас бүлэгт хуралдах боломж олгохыг хуралдаан даргалагчаас хүсье” гэв. Ийнхүү намын бүлгийн даргын хүсэлтийн дагуу хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар боллоо.
МАН-ын бүлгийн хурлын дараа Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.