Монголын 1050 хонийг Лаос улс руу агаарын хөлгөөр хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгох 1050 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас тус улс руу хөлөөр нь хүргүүлж байна. Энэхүү хүмүүнлэгийн үйлс нь Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааны илэрхийлэл болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа явдал төдийгүй Монголын Засгийн газраас олгож буй энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг албаныхан онцолж байна. Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолыг энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр баталсан. Энэ хүрээнд 1000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон авч хөлөөр нь хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгосон билээ.
Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зэргээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах аж.
1962 оноос хоёр улс дипломат харилцаа тогтоож байв. Дипломат харилцааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 60 ортой Монгол-Лаосын Найрамдал эмнэлэг, 200 хонь, ямааны үржлийн аж ахуйг 1984 онд тус тус буцалтгүй тусламжаар өгч байжээ.