Р.Ганхуяг: Ахмадын ажил гэдэг бол ард түмний бүтээлч ажил гэж ойлгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-19 13:59:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ахмадууд залуу халуун насандаа барьж байгуулж, бүтээн босгож, бичиж туурьвиж, тарьж ургуулж явсан тэр их эрч хүчээ одоо хэр алдаагүй, эх орныхоо бүтээн байгуулалт, аймаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар явна. Тэд ямар их хөдөлмөрч, бүтээлч хүмүүс явсаныг тэдний амьдралын түүхийн хуудас бүхэн гэрчилнэ.

Сэлэнгэ аймгийн ахмадууд гавьяаныхаа амралтанд гарсан ч зүгээр суусангүй. Залуу үеэ халамжлан хүмүүжүүлэхийн хажуугаар шинэ цагийн бүтээн байгуулалтын ажилд түүчээлэн ханцуй шамлан үлгэрлэж байна. Тэд нэгдэн нийлж, хамтран зүтгэж, аймгийн Ахмадын хороо хэмээх төрийн бус байгууллагынхаа нэгэн гишүүн болон улсдаа хувь нэмрээ оруулсаар яваа юм. Энэ ч утгаараа тэдний ажил үйлс аймагтаа төдийгүй улсдаа манлайлж, Монгол Улсын шилдгийн шилдэг ахмадын хороо хэмээх хүндтэй үнэлэмжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ахмадын байгууллагуудаасаа түрүүлэн хүртээд байгаа юм. Тус хороо нь төвийн бүсийн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Төв аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдтэй хамтран ажиллахаас гадна хөрш ОХУ-ын Буриад улстай гадаад хамтын харилцаагаа өргөжүүлэн тэлж байгаа онцлогтой. Ингээд Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуягтай ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу? Сэлэнгэ аймаг хилийн бүс гэдгээрээ онцлогтой. Манай аймгийн Ахмадын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа нэлээд өргөн хүрээнд байгаа гэж сонслоо. Ялангуяа ОХУ-ын Буриад улстай хамтын ажилагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа гэсэн. Эндээс яриагаа эхэлбэл сонин байх болов уу?

-Сайн сайн. Дүүгийн ажил өндөр, сайхан өвөлжиж байна уу? Манай мөнхийн хөрш ОХУ-ын Буриад улсын дайнд оролцогчдын болон Хөдөлмөрийн Ахмадын Холбооны Еренхийлегч В.Ж.Гармаев, Буриад улсын Хиагтын аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Р.Очиров нартай 2014 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээгээ бид Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Хиагтын аймгийн Засаг дарга нараар баталгаажуулан ах дүү хоёр орны ахмадуудын уламжлалт найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилладаг. Гэрээнд тусгагдсанаар бид Аугаа эх орны дайны ялалтын баяр, Буриад улсын  "Сур харваа”, манай "Монгол наадам", хөрш хоёр аймгийн хооронд хоёр жил тутам зохион байгуулагддаг "Эв модны наадам" гэсэн тодорхой том баяруудаа хамтран тэмдэглэдэг. Мөн 1939 оны халхын гол, 1945 оны эх орны II дайны ялалтын ойн баярыг тэмдэглэх ажлуудыг хамтран зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн манай Алтанбулаг суманд байрлах нэр нь үл мэдэгдэх Зөвлөлт-Монголын дайчид, цэрэг эрсийн дурсгалын гэрэлт хөшөөнд жил бүрийн 5-р сарын 9-ний ялалтын баяр (“День победи”)-ын өдрөөр хөрш хоёр аймгийн ахмад дайчидтайгаа хамтран цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Мөн хоёр орны ахмадын амралт сувилалд ахмадуудыг солилцоогоор амраах  зэрэг олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэхүү Орос Монголын ах дүүгийн найрамдалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай аймаг, сумдын ахмадын байгууллагууд маш идэвхитэй оролцон ажиллаж байна. Манай энэ найрамдалт хамтын ажиллагаа, харилцаа холбоог улам өргөжүүлж, Д.Энхтайван даргатай Дархан-Уул аймгийн ахмадын хороо, Д.Амаржаргал даргатай Орхон аймгийн ахмадын хороо, н.Мядаг даргатай Нийслэлийн Багануур дүүрэг болон ОХУн Буриад улсын Хиагтын аймгийн Ц.Р.Очиров даргатай Ахмадын хороодын дарга нар хамтын ажиллагааны гэрээгээ  Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны зуучлалаар манай Сэлэнгэ аймагт хийсэн. Одоо эдгээр аймгуудын харилцаа хамтын ажиллагаа улам цэцэглэн, хөгжиж байна. Дээрх аймгуудын ахмадын байгууллагуудын ОХУ-ын Буриад улсын ахмадын байгууллагатай хамтран ажиллах анхны эх суурийг нь тавьж зуучилсан байгууллага бол манай Сэлэнгэ аймгийн ахмадын хороо. Энэ ч утгаараа  ахмадын байгууллагын тэргүүн хүний хувьд би бахархаж баяртай явдаг юм.  Бид ОХУ-ын Буриад улсын Хиагтын районтой их ойр ажилладаг. Бид хамтын ажиллагаагаа хоёр жил тутам сэргээдэг. Энэ уулзалтаараа Сэлэнгэ аймгийн ахмдын хороо, Буриад улсын ахмадын хороо хоёр нийлж уулзаад гэрээгээ шинэчлэн хийж, шинээр хийх ажлаа төлөвлөн ярилцаж, хийснээ дүгнэдэг уламжлалтай. Бидний хамтын ажиллагааны гол зорилго бол ахмадуудыг дахин дахин уулзуулж, найрамдалт харилцаагаа улам зузаатгах, хойч үедээ өвлүүлэхэд чиглүүлж, тэмдэглэлт баяруудад маш идэвхтэй хамтарч түүхэн үйл ажиллагаануудыг хойч үедээ үлдээж, өвлүүлэх ажлуудыг хийдгээрээ онцлогтой. Ц.Р.Очиров ОХУ-ын Буриад улсын Хиагтын аймгийн Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа, ОХУ-ын Буриад улсын Хиагтын аймгийн дарга Нимаев, В.Буянтуев гээд их сайхан найрсаг хүмүүстэй хамтран ажиллаж байна даа.

-Та өөрөө орос улсад цэргийн боловсрол эзэмшсэн байхаа. Хойно аль хотод сурч байв. Социализмын үеийн оюутан. Тэр үеэ дурсаач?

-Тэгэлгүй яахав. Би орос улсад ЗХУ буюу СССР гэж байх үед баатар хот Одесст суралцаж, цэргийн боловсрол эзэмшсэн хүн. Оросуудтайгаа их ойр байдаг. Манай хойд хөрш ах нар маань их мундаг, нөхөрлөлдөө үнэнч хүмүүс шүү дээ. Хүүхэд байхаасаа л тоглож өссөн. Энэ хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч, хүнлэг сайхан чанарыг мартах учиргүй, хүндэтгэж явах учиртай юм. Нэг л сэтгэл дотно, нүдэнд дулаахан хүмүүс байдаг юм.

-Сэлэнгэ аймгийн ахмадын хороо өөрийн гэсэн тугтай болжээ. Шинэхэн туган дээрээ аймгийн Хүндэт тэмдгээ аймгийн ИТХ-ын даргаас гардан авч, зүүлгэсэн. Таны хувьд бага хурлаараа ажлаа дүгнүүлээд улиран сонгогдлоо. Түүхэн үйл явдлууд ар араасаа цувран өнгөрсөн он жил шувтрах гэж байна. Амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Энэ бидний амжилт бол зөвхөн Ганхуяг гэдэг хүний хийсэн ажил, амжилт биш юмаа. Сэлэнгэ аймаг өнөөдөр 10900 хол давсан ахмадтай. 17 сум, 6 тосгоддоо орон тооны 23 ахмадын хороотой. Манай ахмадууд маш хөдөлмөрч, бүтээлч хүмүүс байдаг. Энэ бол үе үеийн ахмадуудын маань хичээл зүтгэл гэж бодож хүндэтгэлтэй ханддаг. Бид өнгөрсөн 10-р сарын 6-ны өдөр аймгийн ахмдын хорооныхоо IX бага хурлыг Баянгол суманд зохион байгуулсан. Энэ хуралд 140 гаруй зочид төлөөлөгчид морилон саатаж, аймгийн ахмадын хорооны бодлого шийдэл, үйл ажиллагааг хэлэлцэн дүгнэсэн. Мөн аймгийн ахмадын талаар авч хэрэгжүүлж байгаа ахмад настны хуулийг хэрэгжүүлэх талаар олон олон зорилтууд хэрхэн хэрэгжиж байгааг сонсож хэлэлцсэн. Үүнийг хэлэлцээд намайг эргүүлэн сонголоо. Надад үүрүүлсэн ачаа хүнд байдаг. Иймээс бүгдээрээ хамтдаа ачаагаа үүрэх ёстой. Нөгөө талаар аймгийн ИТХ, Засаг дарга, үе үеийн шат шатны удирдлагуудын дэмжлэг, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааны хөдөлмөрийн үр дүн шим гэж би ойлгодог. Манай хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа өөрийн биеэр морилон саатаж, их өндөр ач холбогдол өгсөн. Бас манай ахмадын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар гуай, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа,  Баянгол сумын ИТХ, Засаг дарга нар урилгаар оролцсон. Энэ хурлын үеэр Сэлэнгэ аймгийн ахмадуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэсэн маш том арга хэмжээ болсон. Сэлэнгэ аймгийн ахмадын хороо анх удаа өөрийн туг далбаатай болсон. Энэ туган дээр минь аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг зүүж өгч, ахмадууд биднийг алдаршуулсан. Энэ бол аймгийн ахмадын хорооны ажил төр засаг улсдаа үнэлэгдэж, сүүлийн гурван жил улсдаа ажил үйлсээрээ түрүүлж, шилдгийн шилдэг хамт олон байгууллага болсоны минь баталгаа юм. Мөн манай  23 ахмадын хорооны нэг Орхон сумын ахмадын хорооны дарга П.Лхагважав даргатай хамт олон улсдаа тэргүүлж, улсын тэргүүний анхан шатны ахмадын хороогоор шалгарсан сайхан амжилтуудын минь үнэлэмж юм. Өөрийнхөө зүгээс энэ сайхан ахмадууддаа дахин дахин баярласнаа илэрхийлье. Үүнээс гадна надтай хамтарч ажилладаг Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотын Багануур дүүрэг бусад ахмадын хороодуудын маань дэмжлэг юм. Бидний хамтын ажиллагаа улам ойртож, дотносож, бие биенээ таньж мэдэн, дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг сайхан ерөөлөөр хамтарч ажилладаг.

-Аймгийн ахмадын байгууллага аймгийн удирдлагуудтайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Сайн шүү. Манай сүүлийн үеийн залуу удирдлагууд ахмадуудаа маш их хүндэлж, дээдэлж, ажил үйлсэд нь анхаарал тавьж байна. Тухайлбал аймгийн Засаг дарга Ш.Оргил, Тамгын дарга Ө.Сувдаа байна. Ахмадын байгууллагын энэ их амжилт бол эдгээр дарга нарын маань дэмжлэг туслалцааны үр шим юм шүү дээ. Би 2014 онд энэ байгууллагын даргын ажлыг авч байсан. Тэр үед байсан аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар мөн их дэмжиж, энэ их туслалцааны дэмжлэгийн их суурийг тавьж өгч байлаа. Миний өмнөх дарга асан Д.Зориг гуай байна. Энэ үед ч мөн тухайн аймгийн удирдлагууд ахмадууддаа хандсан үйл ажиллагааг явуулсаар ирсэн байдаг. Мөн УИХ-ын гишгүүн Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь нар бас их дэмжиж, ахмадуудынхаа төлөө олон сайхан ажил арга хэмжээг явуулж, хийснийг нь үнэлж дүгнэж байдагт ахмадууд бид их талархаж явдаг. Ахмадууд маань өөрсдөө их сэтгэлээсээ ажил хийдэг, бүтээлч, хөдөлмөрч, эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа сэтгэл нь амардаг. Бүр дээр үеийн социализмын нийгмийн үеэсээ ийм л хүмүүжлээр хүмүүжиж ирсэн хүмүүс шүү дээ. Энэ их ясны хөдөлмөрч чанар нь бүр сэтгэл зүрхэнд нь шингэсэн байдаг. Нөгөө талаас манай хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид биднийг их дэмжиж ажилладаг. Ахмадын ажил гэдэг бол ард түмний бүтээлч ажил гэж ойлгодог. Манай аймаг их онцлогтой. Сэлэнгэ аймаг бол Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонтой. Монгол Улсад ганцхан байдаг анхдагч аймаг. Энэ алдрын титмийг манай ахмадуудын хөдөлмөр, хөлс, сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтууд авч ирсэнд бахархаж явдаг. 

-Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллага үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн чадамж нь хэр баталгаатай вэ

-Бүрэн баталгаажсан. 2014 оны 05-р сард ТББ-ын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, ТББ-ын гэрчилгээгээ гардан авч, Сэлэнгэ аймгийн Ахмадын Хорооны болон сум, тосгоныхоо  Ахмадын Хорооны тамга, тэмдгийг бүрэн шинэчилж, албан ёсоор хуулийн этгээд болж байгууллагынхаа үйл ажиллагааны  эрх зүйн чадамжийг баталгаажуулсан. Мөн 2014 оны 3-р улиралд Мандал сумын Хэрх, Түнхэл, Шаамар сумын Дулаанхаан, Орхонтуул сумын Рашаант, Сайхан сумын Номгон, Ерөө сумын Бугант тосгоны ахмадын хороодуудад тус бүр 130-270 гаруй ахмад настангууд харьяалагддаг. Эдгээр тосгодын ахмад настнуудад тулгамдаж буй нийтлэг эрх ашигтай нь холбоотой асуудал, олон талт ажил арга хэмжээг сумдын Ахмадын хороодуудтай адил түвшинд явуулдаг болгохын тулд дээрхи  тосгодын Ахмадын зөвлөлийг сумдаас тусдаа бие даасан Ахмадын хороо болгон өөрчилж  зохион байгуулсан нь оновчтой шийдвэр болсон гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар  Рашаант, Түнхэл, Хэрх тосгоны Ахмадын хороодууд ахмадын танхимтай, Бугант, Номгон, Дулаанхаан тосгоны Ахмадын хороодууд Ахмадын өргөөтэй болж, үйл ажиллагаа нь жигдэрч, тогтмолжсон.

-Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллагын нэг онцлог бол бүх сумд ахмадын өргөөтэй болсон явдал гэж болно. Иймээс ахмадуудын идэвхи оролцоо улам идэвхжих нэг алхам энэ болов уу?

-Тийм шүү. Манай сумдын зарим нь өөрсдөө ахмадын өргөөгөө ашиглалтанд оруулж байна. Тухайлбал, Номгон тосгоны Ахмадын хорооны дарга Д.Цэвээндулам сум орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулалгүйгээр өөрийнхөө шавь нар болон нутгийнхаа залуусыг уриалан,  хандив тусламжийн хөрөнгөөр ахмадын шинэ өргөөтэй болсон.  Мөн Цагааннуур сумын ахмадын хороо байна. Ахмадын байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд анхан шатны хороодууд шатар, волейбол, ширээний теннис, үндэсний шагайн харваа, шагайн наадгай, явган аялал, төрөл бүрийн буухиа тэмцээнүүд сар бүр  зохион явуулж хэвшээд байна.  Ахмадуудын Дуулах өдөр-Дуун цэнгүүн, цэнгээнт бүжиг зэрэг урлаг соёлын арга хэмжээ, өдөлгөөн эрүүл мэнд" хийн дасгалууд гээд төрөл бүрийн арга хэмжээнүүдийг өөрсдийн сум, тосгондоо болон бүсүүдэд тогтмол хийж заншаад байгаа. Сум, тосгоны ахмадын хороодууд давхардсан тоогоор 900 гаруй ахмадуудыг өөрийн аймгийн болон Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд Говь гурван сайхан, Ёлын ам, Дарьганга, Алтан овоо, Хамарын хийд, Аглаг бүтээлийн хийд, Өвөрхангайн Эрдэнэзуу хийд, Хөвсгөл далай, Байгаль далай,  Итгэлт хамба, Улан-Удэ гэсэн машрутаар аялал зугаалга зохион байгуулан ахмадуудаа өргөнөөр оролцуулаад байна

Холбоотой мэдээ