Шадар сайд цас зудтай газарт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Улсын Онцгой комиссын даргын хувьд байгалийн онц аюултай үзэгдэл болж байгаа Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Зуунмод болон бусад аймаг сумын цас зудын байдалтай газар дээр нь танилцахаар өнөөдөр нийслэлээс хөдөлнө.
Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч байгаа аж.
Ус цаг уурын байгууллагаас өгсөн мэдээгээр ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх гэнэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эхээр 21-26 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус дулаан байгаа юм.
Б.Туул