Хятадын цэргийн төсөв энэ жил найман хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-04 13:48:09

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Хятадын цэргийн төсөв 2016 онд 7-8 хувиар өснө гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын албан ёсны төлөөлөгч Фу Ин мэдээлжээ.

“Хятадын цэргийн төсөв энэ жил дахин өсөх боловч өнгөрсөн оныхтой харьцуулахад удаан хурдацтай байна. Энэ жил өсөлтийн үзүүлэлт 7-8 хувьтай байна” гэж Фу Ин тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулган энэ бямба гарагт эхлэх гэж байгаатай холбоотойгоор зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Хятадын цэргийн төсөв нь хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. Өнгөрсөн онд Хятадын цэргийн зардал 135 тэрбум доллар болсон нь 2014 оныхоос 10.1 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн таван жил дэх хамгийн бага хувийн өсөлт болсон байна. 2014 онд Хятадын цэргийн төсөв 12.2 хувь, 2013 онд 10.7 хувь, 2012 онд 11.2 хувь, 2011 онд 12.7 хувиар өсч байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ