АНУ цохилтын бүлгээ Өмнөд Хятадын тэнгист илгээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-04 11:09:36

ВАШИНГТОН. /TASS/. Тэнгисийн цэргийн хүчнийхээ /ТЦХ/ нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудаас бүрдсэн цохилтын бүлгүүдийнхээ нэгийг Өмнөд Хятадын тэнгист байрлуулах шийдвэрийг АНУ-ын эрх баригчид гаргасан тухай Пентагоны төлөөлөгчид мэдээлжээ.

Төлөөлөгчдийн хэлснээр, тус бүс нутагт нисэх онгоц тээгч “John C. Stennis” хөлөг онгоц, “Antietam” болон “Mobile Bay” хэрэх хөлөг онгоц, “Joong Hoon” болон “Stockdale” эскадрын мина тээгч хөлөг онгоц, мөн АНУ-ын ТЦХ-ий долдугаар флотын “Blue Ridge” хөлөг онгоцны бүлгийг командлагчийн бүрэлдэхүүнтэй нийтдээ зургаан хөлөг онгоцыг илгээжээ. Долдугаар флот Японы Йокосука хотод байрладаг байна. “Blue Ridge” Филиппиний боомтоорг дамжин Өмнөд Хятадын тэнгисийг чиглэн хөдлөх аж.

АНУ-ын ТЦХ-ий Номхон далайн флотын албан ёсны төлөөлөгч болох командлагч Клей Досс энэ удаагийн маневрт тайлбар өгөхдөө, энд онцын зүйл болохгүй гэжээ. “Манай хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд Номхон далайн баруун хэсэгт, тухайлбал, Өмнөд хятадын тэнгист тогтмол үйл ажиллагаа явуулж заншсан бөгөөд 10 жилийн турш үүнийг хийж байна. 2015 онд л гэхэд Номхон далайн флотын хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгист нийтдээ 700 өдөр байрлаж байсан” гэж Досс хэлжээ.

Гэхдээ Америкийн шинэ аюулгүй байдлын төлөөх Вашинтоны төвийн хөтөлбөрүүдийн нэгийнх нь захирал, ТЦХ-ий чөлөөндөө гарсан ахмад Жерри Хендрикс АНУ-ын эрх баригчдын Өмнөд Хятадын тэнгист явуулж буй үйл ажиллагааг Бээжинд сүр хүчээ харуулж, тодорхой дохио өгсөн үйлдэл гэж тодорхойлсон байна.

Хятадын эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн хэд хэдэн арлыг эзэмших эрхийн талаар бүс нутгийн хэд хэдэн оронтой сүүлийн 10 жил газар нутгийн маргаан явуулж байгаа юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ