“Бизнесийн ногоон гарц” Үндэсний чуулганаар Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-12 17:44:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.БОАЖЯ-наас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд компани, ААН, байгууллагуудад байгаль орчны менежментийн систем (БОМС)-ийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа билээ.

Дээрх чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагууд, төсөл, хөтөлбөрийн төлөөлөл болон бизнсийн байгууллагын удирдлагуудыг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” Үндэсний чуулганыг 11-р сарын 16-нд “туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төр, засгаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОМС-г хэрэгжүүлж амжилтанд хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцах юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес ба хөшүүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцоно. 

Чуулганы эхэнд БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Ногоон бизнесийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжиж буй төслүүд”-ийн талаар танилцуулж, “Ногоон  сангийн бодлогын шинэчлэл”-ээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Г.Ганзориг илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.



Тодруулга: Манай улсад “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Германы Олон улсын байгууллага болох тус улсын Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа юм.

 

Б.Болд

 

Холбоотой мэдээ