Хүүхдүүд амны хөндийн эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-02 14:52:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЭМГ-ын дэргэдэх "Амны хөндийн эрүүл ахуйн кабинет"-аар байгууллагууд өргөнөөр үйлчлүүлж байна.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон Сайншандын 12 цэцэрлэгийн хүүхдүүд ээлжээр хамрагдаж амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эмчийн заавар зөвлөгөө авч буй.

Энэ долоо хоногт  хоёрдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд амны хөндийн эрүүл ахуй, шүдээ зөв угаах сургалтад хамрагдлаа. Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл их байдаг аж.

Өнгөрөгч онд тус аймагт гадаад дотоодын шүдний эмч нарын хамтарсан баг зөвхөн нэг удаагийн үзлэгээр 1765 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад эрүүл  шүдтэй 1152,  шүдний цооролттой 613 хүүхэд байснаас 200 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн байна.

Холбоотой мэдээ