Бизнес эрхлэгчид зээлийн батлан даалтад хамрагдах боломжтой болов

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-03 09:49:37

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд таатай боломж олгох нэгэн гэрээг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэтэй  байгууллаа. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны энэхүү гэрээ байгуулснаар бизнес эрхлэгчид хүссэн зээлийнхээ 60 хүртэлх хувьд 500 сая хүртэлх төгрөгийн батлан даалт гаргуулах боломжтой болж байна.

Зээлийн батлан даалтын сан Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа бол говийн болон алслагдсан баруун аймгуудад үйл ажиллагаагаа төдийлөн явуулж чадахгүй, энэ онд орон нутагт үйл ажиллагаагаа тэлж ажиллахаар зорьж байгааг  тус сангийн гүйцэтгэх захирал П. Чандмань хэлсэн юм.

Зээлийн батлан даалтын сан нь байгуулагдсан цагаасаа 74 тэрбум төгрөгийн зээлд 30 гаруй тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Тус сан жижиг ,дунд бизнесийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэн, буй болсон ажлын байрыг тогтвортой хадгалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг учраас арилжааны банкнаас зээл авч байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хэн боловч батлан даалтанд хамрагдах боломжтой юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ