Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс мөрдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-01 09:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байгаагаар арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхэлж байна.

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөх журам өнөөдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 5 сарын хугацаанд айл өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрөө чөлөөлөх юм.

Энэ жил улсын хэмжээнд 135 мянган айл энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаас 120 мянга нь нийслэл хотод, 15 мянга орчим нь аймаг, орон нутагт байгаа юм.

Засгийн газрын 2017 оны 199-р тогтоолоор баталсан гэр хорооллын хэрэглэгчдийн орой болон шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрээр Улаанбаатар хотын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн цахилгааны тарифийг 100 хувь, бусад аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай төв сум, суурин газрын хэрэглэгчдийн цахилгааныг 50 хувь хөнгөлж байгаа юм.

Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж буйтай холбоотойгоор нийслэлд цахилгааны шугам сүлжээний ачаалал ихэсч байгааг зохицуулах үүднээс хязгаарлалт зааж өгсөн гэж байна. ЭХЗХ-ны Үнэ тариф, зах зээлийн газраас мэдээлж буйгаар, гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө цахилгаан түгээх шугам сүлжээний техникийн боломжтой уялдуулан зохицуулалтыг хийж байна. Үүнд, 220 В-ын буюу нэг фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд үүнээс илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх,

380 В-ын буюу 3 фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. Түүнээс илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.


Цахилгааны хэрэглээ өнгөрсөн өвлийн байдлаар нийслэлд 130 сая квт цахилгаан эрчим хүчийг орой, шөнийн цагаар хэрэглэж байсан бол 2019 онд 260 сая орчим квт цахилгаан эрчим хүч хэрэглэх тооцоо гарчээ. Шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж буйтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлаа хангах үүднээс гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгахад анхаарахыг сануулж байна.

 

 

Холбоотой мэдээ