Өлгий хотын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнд хүрэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-31 16:42:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшин стандартын шаардлага хангахгүй байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тус газраас саяхан иргэдийн гомдлын мөрөөр аймгийн төвийн 9, 10 дугаар багийн цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшинд хэмжилт хийжээ. Шалгалтаар агаарын дэд станцад өдрийн цагаар фазын хүчдэл 210 вольт, төгсгөлийн цэг дээр 186 вольт, оройн их ачаалалтай 18:00- 22:00 цагийн хооронд эцсийн хэрэглэгчид хүчдэл 156 вольт хүртэл буурч хүрч байгаа нь тогтоогджээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Серикболын тайлбарласнаар хүчдэлийн түвшин 220 вольтоос таван хувиар их, эсвэл бага байхыг зөвшөөрөх бөгөөд Өлгий хотын хувьд 156 вольт хүртэл буучхаад байгаа аж. Тийм учраас дээрх зөрчлийг арилгаж, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллах тухай аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар болон "Баруун бүсийн эрчим хүчний систем" ХХК-д албан шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Харин уг асуудлаар цахилгаан эрчим хүч түгээх үйлчилгээ үзүүлдэг аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас тодруулсан юм. Тэрээр, «Баруун бүсийн эрчим хүчний систем» төрийн өмчит компанийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өнгөрсөн зун тавьсан 110 КВт-ын дэд станцын хүчдэлийн түвшин доогуур, Өлгий сумын захын 1000 орчим өрх стандартын шаардлага хангахгүй шугамаар эрчим хүч авч байгаа, аймгийн төвийн цахилгааны шугам сүлжээний ачаалал хэтэрсэн зэрэг шалтгаануудын улмаас оройн цагаар хүчдэлийн түвшин буурч байгаа хэмээн тайлбарлалаа.  

Иймд аймгийн төвийн 9, 10, 12, 13 дугаар багуудын захын найман хэсэгт шаардлага хангасан агаарын шугам татах, нэмж дэд станц тавих, хөрөнгийн асуудлыг шийдэх  шаардлагатай байна.


Холбоотой мэдээ