Баян-Өлгий аймгийн 10 гаруй хилчин орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-29 23:11:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн цэргийн 0165 дугаар ангийн 13 алба хаагч орон сууцтай боллоо.  


Орон сууцыг ашиглалтад өгөх нээлтийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, тус ангийн захирагч, хурандаа Х.Гантулга зэрэг албаны хүмүүс оролцлоо.

"Энэ барилга 1986 онд цэргийн байрны зориулалтаар баригдсан ч 1990 оноос хойш ашиглагдаагүй. Тийм учраас бид дотоод нөөц бололцоогоо ашиглан засвар хийж тохижуулан 13 айлын орон сууц болголоо. Цэргийн хүмүүс бол тушаалаар томилогдон ирдэг тул орон байрны асуудал хүндрэлтэй байдаг. Өнөөдөр зах зээлд түрээсийн байрны сарын төлбөр 350 мянган төгрөг байна. Уг байр ашиглалтад орсноор офицер, ахлагч, ажилчдын нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж байна" гэдгийг хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэл зүйн мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хошууч П.Хадбаатар онцоллоо.

Харин ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн Монгол Улсын баруун хилийн хамгаалалтын төлөө өөрийнхөө сэтгэл оюун, амьдралаа зориулан ажиллаж байгаа хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Төр засгийн зүгээс Баян-Өлгий аймагт ажиллан амьдарч буй цэргийн албан хаагчдын нийгмийн амьдралыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал 2015 онд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн, 2017 онд 331 дүгээр ангийн тус бүр 40 айлын албан тушаалын орон сууц баригдаж ашиглалтад орсон юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ