Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-26 15:54:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх сараас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан ТЦА-наас мэдээлэл хийв. Одоо мөрдөж буй дүрмээс гадна 60 гаруй зүйл заалт нэмэгдэж орсныг дуулгаж иргэд шинэ дүрмээ сайтар уншиж судалвал зам тээврийн осол гарахгүйг хэлэв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөгүйгээс зам тээврийн осол гардаг. Тиймээс шинэ дүрмийг иргэд “legalinfo.mn” вебсайтаас уншиж танилцахыг зөвлөж байна. Мөн иргэд, албан байгууллагууд шинэ дүрмийн сургалтад хамрах хүсэлтээ ТЦА-нд өгөх боломжтой.

Одоо мөрдөж байгаа дүрэм 165 зүйл ангитай байсан бол шинэ дүрэм 227 заалттай болсон. Хуучин дүрмээс 60 гаруй зүйл шинээр нэмэгдсэн гэж ойлгож болно.

Цас орж хальтиргаа гулгаа үүсч байгаа энэ үед хамгийн ойрын жишээ татахад л уг дүрмийн 4.3.7-д “тээврийн хэрэгсэл улирлын байдалд тохирсон дугуйтай хөдөлгөөнд оролцоно” гэж заасан байгаа.


Мөн шар тэмдэглэгээтэй уулзваруудад ирэх сарын 1-нээс камер байрлуулж улаан гэрлээр уулзварт нэвтрэх, уулзварын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлнэ. Цагдаагийн байгууллага төсөв мөнгөний боломж бүрдвэл бусад орны жишгээр гарц бүр дээр жижиг камер байрлуулах саналтай байгаа. Ингэснээр гарц дээр явган зорчигчид зам тавьж өгдөггүй "сахилгагүй" жолооч нарт хариуцлага тооцдог болно. Дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй жолоочдод зориулсан таних тэмдэгтэй болж хэвлэгдэн гарсан байгаа. Энэ тэмдгийг байрлуулсан автомашин дугаарын хязгаарлалтгүй, 1 дүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцох эрхтэй болсон.

Замын хөдөлгөөний дүрэм нь иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, тэдний эд хөрөнгийг хамгаалахын төлөө байдаг. Дүрмээ баримтлаад явбал ямар нэгэн осол гарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэв.



Холбоотой мэдээ