Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-25 12:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн 7 хууль, хоёр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Мөн “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болгосон тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдгээр хууль, тогтоомжийн төслийг өчигдөр буюу энэ сарын 24-нд болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсныг Д.Оюунхорол гишүүн чуулганд танилцуулаа.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү байнгын хороо болон ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд  хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тогтоох ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Харин М.Билэгт, Ж.Мөнхбат гишүүний “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2020 он гэж заасныг 2019 он болгох” санал гаргав. Энэ үеэр Ж.Мөнхбат гишүүн М.Билэгт гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр, “Энэ хуулийг малчин иргэд хүсэн хүлээж байгаа. 2020 оны 1 дүгээр сарын 01-нээс Монгол Улс ОУВС-тай байгуулсан хэлэлцээр дуусна. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах, шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох тухай энэхүү хуулийн төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхэд төдийлөн өөрчлөлт орохгүй. Мөн олон хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гарах насыг төрүүлсэн хүүхдийнх нь тоотой уялдуулах хуулийг ч ирэх оноос хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд төрүүлж өсгөсөн бол тэтгэвэрт гарах насыг 1.5 жил, хоёр хүүхэдтэй бол 3 жил, 4 хүүхэдтэй бол 6 жил наашлуулах уг хуулийг ирэх оноос хэрэгжүүлэхэд ердөө нэг тэрбум төгрөг шаардлагатай” хэмээсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи М.Билэгт, Ж.Мөнхбат гишүүний саналыг дэмжсэнгүй.

Ийнхүү хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.

Холбоотой мэдээ