Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-03-01 17:33:34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Энэ жилийн оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ. 

Анхны жил буюу 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамарсан бол энэ жил 1000 орчим оюутан хамарна. Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөр Нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамарна. 

Тус хөтөлбөр хэрэгжснээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцлов. 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэж байна. Хөтөлбөрийн албан ёсны нээлт 3 дугаар сарын 10-нд болно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ