Бо Силайн туслагч асан бүх насаараа хоригдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-01 15:24:29

БЭЭЖИН. /TASS/. Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужийн шүүхээс Чунцин хотын намын нарийн бичгийн дарга асан Бо Силайн туслах байсан У Вэньканд бүх насаар нь хорих ял оноожээ.

"Чайна дейли" сонинд бичиж буйгаар, өдгөө 57 настай У Вэньканыг нийтдээ 20 сая юанийн /3 сая доллар/ авлига авсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тэрбээр урьд нь Чунцин хотын намын хорооны тамгын газрын даргын албыг хашиж байжээ. Түүнийг 2012 онд шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгох бизнес эрхлэгчдээс авлига авсан хэргээр баривчилсан байна.

У Вэньканыг шийтгэсэн нь “бүх нийтээрээ авлигатай хийж буй тэмцлийн бас нэгэн хэсэг боллоо” гэж "Чайна дейли" сонинд бичжээ. Энэ томоохон цэвэрлэгээг Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн асан, Нийгмийг аюулаас хамаалахын сайд асан Жоу Юанкан, Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байсан Сюй Цайхоу болон Го Босюн, Бүх Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга асан, Хятадын Коммунист намын Төв хорооны Нэгдмэл фронтын хэлтсийн дарга Лин Зихуа зэрэг намын өндөр албан тушаалтнуудад хатуу шийтгэл оноогоод байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ