Элсний сувиллыг 536 сая төгрөгөөр засварлав

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 17:20:59

Бөөрний өвчин эмгэгт ихээхэн үр дүнтэй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Бүрдэнийн элсний сувилал энэ жил шинэчлэгдэж  бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Тус сувиллын барилгын ажлыг “Өгөөмөр баян” ХХК улсын төсвийн 536 сая төгрөгийн санхүүжилтээр шинэчлэн засварлаж дууссан бөгөөд энэ зун аймгийн БХБГ болон бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр улсын комисс ашиглалтад хүлээн авсан  юм.  

Харин энэхүү сувиллыг засварлаж шинэчилсэний дараах нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 13-нд боллоо. Засвар үйлчилгээ, тохижилт, гэрэл цахилгаан гээд амралтын газар шаардлагатай бүхий л засвар  үйлчилгээнд нийт хоёр тэрбум орчим  төгрөгийг зарцуулсан талаар албаны хүн өгүүлсэн юм.    

Нэг удаа 240 амрагч хүлээн авах хүчин чадалтай, 24 цагийн эрчим хүчтэй, нэг хоногийн эмчилгээ, сувилгаа, хоолны мөнгө нийлээд 33 мянган төгрөг болдог  тус сувилалд амрагчид тасрахгүй байна. Сувиллын газрын нээлтийн ёслолын ажиллагаанд Дорноговь аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, Эрдэнэ сумын Засаг дарга Д.Энхмэнд зэрэг албаны хүмүүс оролцлоо. Дашрамд дурдахад  Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн Сухайн хөндий Догмиддорж хайрханы өвөрт далай түвшнээс 800 метр өргөгдсөн 1100 гаруй ам дөрвөлжин км талбайтай үргэлжилсэн Бүрдэнийн элс бүхий байгалийн үзэсгэлэнт газрыг 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. 

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд