Б.Мэргэн: Шүүхийн шийдвэрт цагаатгасан иргэдийн асуудал орхигддог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-10 16:56:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нээлттэй нийгэм форум, МУИС-ийн Хууль зүйн сургууль /ХЗС/ хамтран зохион байгуулсан "Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ, ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн шийдвэрийн хууль зүйн техник, стандарт, бичилтийн ерөнхий агуулгыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

МУИС-ийн Номын сангийн байранд болж буй Эрүүгийн шүүхийн шийдвэрийг дэлхийн стандартад ойртуулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт хуулийн судлаач, эрдэмтэд Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

МУИС ХЗС-ийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч Т.Золбоо, Шүүхийн шийдвэр жирийн иргэн уншихад ойлгомжтой хэдий ч хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Манай шүүхийн шийдвэрүүдийн зарим нь логик уялдаа холбоогүй ямар  онолын үндэслэлтэй задалж хэрэглэх асуудал дутмаг. Шүүхийн шийдвэр онолын нарийн судалгаатай бөгөөд хэн ч уншсан ойлгомжтой байх нь нийгэмд  ийм байхаас өөр аргагүй гэх итгэл төрнө. Манай Улсын хувьд анхан шатны шүүхийн 90 гаруй хувь нь давж заалдах шатны шүүхээр ордог. Гэтэл бусад улс оронд 15 хувиас хэтэрдэггүй. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр иргэдэд ойлгомжтой бус, тэдний итгэлийг төрүүлэхгүй байгааг харуулж байгаа юм. Нөгөө талаар шүүх давж заалдах гарц үлдээхгүй шийдвэр гаргахад хууль эрх зүйн орчны асуудал дутмаг байна гэв.



Эрх зүйн соёл ТББ-ын судлаач, хуульч Б.Мэргэн, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт цагдан хоригдсоны дараа эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаатсан иргэдийн асуудал орхигдож байдаг. Шүүхээс тэдний хохирлыг барагдуулах эрхтэй гэдгийг тайлбарласан хуудас өгдөг боловч иргэд ойлгоход хүндрэлтэй бөгөөд мэргэжлийн шүүгчийн тайлбар шаардлагатай болдог. Мөн манай улсын хууль эрх зүйн орчинд цагаатсан иргэний хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхой бус байдаг. Шүүгч өөр өөр аргачлалаар шийдвэр гаргаж байна.

Тухайлбал, яг адилхан ял эдэлсэн хүмүүсийн хэрэг цагаатхад өөр дүнгээр хохирлыг барагдуулсан байдаг. Учир нь хуулинд нэг хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөрт хэдэн төгрөгийн хохирол барагдуулах заалт оруулах шаардлагатай байгаа. Хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр болон цалин орлогыг харгалзан үзэж нөхөн төлбөр олгож буй нь  хүн бүрт харилцан адилгүй.

Мөн сэтгэл санааны хохирол гэдгийг тооцох аргачлалыг хуулиар зохицуулаагүй. Иргэний хуульд тухайн хүн өөрөө сэтгэл санааны хохирлоо үнэлнэ гэж заасан байгаа нь төгс хувилбар биш. Олон улсад энэ талаар үнэлгээ хийдэг мэргэжлийн хүмүүс ажилладаг туршлагыг манай улс үлгэрлэж авах хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ