“Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар хүний наймааны хохирогчоор 50 хүн ханддаг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-08 14:50:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо зөвлөгөөнөөр уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэхэд нийгмийн хамгааллын салбарын байгууллага, ажилчдын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. 


Тус зөвлөгөөнийг ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүйсийн тэгш эрхийн төв хамтран зохион байгуулав.




Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах, Хүний наймааны хохирогчдыг аврах ажиллагааг төр, хууль хүчний байгууллагатай хамтран явуулдаг бөгөөд салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал байдаг. Тухайлбал хохирогчийг эх оронд нь эргүүлэн татахад оролцохоос гадна тэднийг нийгэмд хэвийн амьдрах бололцоог хангаж, сэтгэлзүйг эмчлэх зэргээр нягт холбоотой ажиллах шаардлагатай.


Манай байгууллагад 2001 оноос хойш 3000 гаруй хохирогч хандсан. Эдгээрээс хүний наймааны хохирогч гэдгийг тогтоон дэлхийн 8 орноос 400 орчим иргэнийг эргүүлэн татах, аврах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.


Тэдний хамгийн бага нь 13, ахмад нь 49 настай байсан бөгөөд 70 орчим хувь нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдсан байсан гэлээ.


ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг нь зохион байгуулалттай үйлдэгдэж далд хэлбэрт оршдог. Учир нь хэргийн хохирогч болсон иргэд ихэвчлэн биеэ үнэлдэг хүмүүс байх бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээх, эсвэл нэр төрөө сэвтээхээс эмээн цагдаагийн байгууллагад ханддаггүй. Тэд нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид хандаж байна. Энэхүү зөвлөгөөнөөр нийгмийн салбарын ажилчид энэ хүмүүсийн эрхийг сэргээх үйл ажиллагааны эцэст эргээд нийгэмд хэвийн амьдрах бололцоог хангах, хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байгаа болон цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцэж, салбар дундын асуудлаас гадна  хамтын ажиллагааны талаар шийдэл гаргаж зөвлөмж боловсруулна гэв.


Тус зөвлөгөөнд Нийслэлийн 9 дүүргийн хороодын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 80 гаруй хүн оролцлоо.


Цагдаагийн байгууллагад хүний наймааны тохиолдол 2016 онд 8, өнгөрсөн онд 12, энэ оны эхний хагас жилийн байдлаар 11  бүртгэгдсэн байна. Харин “Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар хүний наймааны хохирогчоор 50 хүн ханддаг аж.


Хүн худалдаалах гэмт хэргээр Хүйсийн тэгш эрхийн төвд хандсан хүний тоо


Монгол Улс анх 1999 онд хүн худалдаалах гэмт хэрэг бүртгэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 113-р зүйлд хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан байна. Мөн тус хуульд зохион байгуулалттай гэмт бүлэг уг хэргийг үйлдсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Холбоотой мэдээ