“Эмэгтэйчүүдэд эдийн бус сэтгэлийн бэлэг өгөх” өдөрлөг дөрвөн өдөр үргэлжилнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-29 14:03:37
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллага нэгдэж  Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг “Эмэгтэйчүүдэд эдийн бус сэтгэлийн бэлэг өгөх” уриан дор тэмдэглэхээр болов.

Үүний хүрээнд  гуравдугаар сарын дөрвөнд  Хүүхэд, залуучуудын театрт өрх толгойлсон, болон гэртээ хүүхдээ хардаг, зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулж “Бүсгүйчүүдийн цаг” өдөрлөг зохион байгуулж хууль эрх зүй, гоо зүй, төрийн үйлчилгээний зөвлөгөө өгнө.

Мөн гуравдугаар сарын зургаанд авто үйлчилгээ эрхлэгчдийн “Эрдэнэт” холбооноос Амарын талбайд 10:00-17:00 цагт эмэгтэй жолооч нарт зориулж авто машины компьютер оношилгоо, явах эд ангийн үзлэг, анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ.  Харин 7-9-ний өдөр Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Хайрын цэцэрлэг”, “Ганц  сэтгэл” моно драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгоно. Дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээ “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг” жагсаалаар дуусна.

Мянган эмэгтэй нэгдэж гуравдугаар сарын наймны өдөр Барилгачдын талбайгаас “Амар”-ын талбай хүртэл жагсана.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ