Улаанбаатар хотод болж буй Пауэрлифтингийн ДАШТ-д Ж.Баасандамба 4 алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-03 15:40:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ноос Ази тивд анх удаа тэр тусмаа манай нийслэлд өнөөдөр эхэлж буй Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнд 23 орны тамирчид өрсөлдөж байна.


Тэмцээний эхний өдөр эмэгтэй МК болон М4 ангиллын 47-84 кг, эрэгтэй М4 ангиллын 59-120 кг, эрэгтэй М3 ангиллын 59-83 кг жингийн өрсөлдөөн болов. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн ахмад багш Ж.Баасандамба пауэрлифтингийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 70-аас дээш насны 66 кг-д нийлбэр дүнгээр 300 кг өргөж 4 алтан медаль хүртлээ. Өдгөө 75 настай тэрбээр ирэх 12 дугаар сард Улаанбаатарт болох Ази тивийн АШТ-д өрсөлдөх бэлтгэлдээ залгуулаад орох юм.


АНУ-ын иргэн, Пауэрлифтингийн ДАШТ-ийг хөтөлдөг алдарт хөтлөгч Жино энэ тэмцээнийг урилгаар хөтлөн явуулж байна. Мөн МПНХ-ноос ДАШТ-д хэрэглэх дэлхийд тэргүүлэх Бух /Bull/ брэндийн тоног төхөөрөмжийг захиалан Монголдоо авчирсан юм.


Энэ сарын 6-ны өдөр пауэрлифтингийн мастеруудын ДАШТ өндөрлөх бөгөөд  сүүлийн өдрийн тэмцээнийг МНС телевиз шууд дамжуулан үзүүлнэ. Он гарсаар Монголын пауэрлифтингийн баг тамирчид Азийн болон ДАШТ-ээс 20 гаруй медаль хүртжээ. ОУХМ Б.Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд дээд амжилт /рекорд/ тогтоогоод дэлхийн аварга болсон. Харин МУГТ Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар Финланд улсад болсон ДАШТ-ээс 2 алтан медаль хүртсэн бөгөөд хоёр ч рекорд тогтоосон юм.


МПНХ-ны 13 салбар холбоо аймаг бүрт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сүүлийн 3 жилд хөдөө орон нутагт салбар холбоогоо нээсэн. Улаанбаатар хотод энэ спортоор хичээллэгчдийн тоо 6000 дөхөөд байгаа бөгөөд жилээс жилд өсвөрийн тамирчдын тоо өсөн нэмэгдэж байна.


Холбоотой мэдээ