Дэлхийн хошой аварга С.Батцэцэг дэд хурандаа цол хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын чөлөөт бөхийн түүхэнд ялангуяа эмэгтэй бөхчүүдийн амжилтын дээд нь болсон шинэ хуудас нээж, Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий мөнгөн медаль, олимпийн хүрэл медалийн эзнээр тодорсон шилдгийн шилдэг Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа мөрдэс зүүв.
Тэрбээр “Хилчин” спорт хороо, хилийн 0253 дугаар тусгай ангийн алба хаагч бөгөөд анх 2010 онд хил хамгаалах байгууллагад хилчин ахлагчаар ажлын гараагаа эхэлж таван жилийн дараа хосгүй амжилтын үр шимээр ийнхүү дэд хурандаа цол зүүв.
Түүний түүхэн амжилтын товчооныг танилцуулж байна.
Соронзонболдын Батцэцэг нь 1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж тус сумын дунд сургуулийг 2008 онд төгсөж МУБИС-ийн япон хэлний ангид элсэн орсон. Хашаат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Дэмбэрэлийн Дондовын удирдлага дор 2005 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлж 2008 оноос “Замчин” спорт клубт улсын заан, гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна, “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.
2008 оноос эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2008 онд спортын мастер, 2009 онд ОУХМ цол, 2010 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Самбо, чөлөөт бөхөөр аймгийн аварга цолыг 8 удаа хүртэж 2005 онд өсвөр үеийн УАШТ-ээс мөнгө, 2007 онд Хүүхдийн спортын наадмаас алт, 2008 онд залуучуудын УАШТ-нээс алт, Бүх ард түмний наадмаас алт, хүрэл, УАШТ-ээс мөнгө, хүрэл, 3 алтан медаль аваад байна. 2007 онд Тайваньд болсон тивийн өсвөр үеийн АШТ-ээс мөнгө, Ази тивийн залуучуудын АШТ-ээс 2008 онд Катарын Доха хотод мөнгө, 2009 онд Филиппин улсын Манила хотод алт, 2010 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон АШТ-ээс мөнгө, Ази тивийн элсний АШТ-ээс Тайланд улсын Паттая хотод 2009 онд хүрэл, 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Оюутны зуны универсиад наадамд алтан медаль хүртжээ.
ДАШТ-д 2009, 2010, 2013-2015 онуудад 5 удаа оролцсон. 2014 онд Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-д есдүгээр байр эзлэсэн. 2012 онд Лондонгийн Зуны олимпийн наадамд 63 кг-д зодоглож нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Латвийн бөх, Европын аварга А.Григорьеваг 5:0, 5:4 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх, олимпийн хошой аварга Каори Ичод 0:1, 0:4 оноогоор өвдөг шороодож дараа нь Канадын бөх, дэлхийн гурван удаагийн аварга Мартина Дюгреньетэй барилдаж 2:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртсэн.
2010 онд Москва хотод болсон ДАШТ-д нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Канадын бөх, олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Тоня Вервеекийг 1:2, 8:4 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Бразилийн бөх С. Сильваг 4:0, 1:0 онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд Японы бөх, дэлхийн дөрвөн удаагийн аврага Аяко Шодаг 0:2, 3:3, 3:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд Хятадын бөх, дэлхийн залуучуудын аврага Чжан Ланыг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж дэлхийн аварга цолыг хүртсэн.
2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд Унгар, Турк, Латвийн бөх бөхийг дараалан ялж хагас шигшээ барилдаанд Болгарын бөх Т.М.Юсейнийг 11:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн болзол хангаж шувтаргын барилдаанд Японы бөх Р.Кавайг цэвэр ялж дэлхийн хошой аварга болжээ. 2013 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Венесуэль, АНУ, Итали, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөө Японы бөх Каоро Ичотой барилдаж 0:7 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон.
Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын АШТ-д 2011, 2013-2015 онуудад 4 удаа оролцсоноос 2013 онд Дэлхийн цомын тэмцээнээс багийн мөнгө, 2015 онд хүрэл медаль хүртсэн. “Mongolia Open” ОУТ-ээс 2012, 2013, 2015 онд 3 алт, АНУ-ын Колорадо-Спрингс хотод болдог олимп, дэлхийн аварга Д.Шульцийн нэрэмжит ОУТ-ээс 2011 онд мөнгө, Украины ОУТ-ээс 2012 онд хүрэл, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-при” ОУТ-ээс 2013 онд хүрэл, 2015 онд алт, “Poland Open” ОУТ-ээс 2014 онд алтан медаль хүртжээ. 2010 онд “Оны манлай тамирчин”-аар, 2012, 2013 онд “Оны шилдэг тамирчин”-аар, 2013 онд “Оны шилдэг оюутан тамирчин”-аар шалгарч байв.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд