Хувьцаа гаргаснаар Хөрөнгийн бирж дээр 7 тэрбум төгрөгийн захиалга авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-28 14:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хөрөнгийн зах зээл сэргэж дотоодын ААН, компаниуд хувьцаагаа гарган хөрөнгө татан төвлөрүүлж нээлттэй компаниуд болох үйл ажиллагаа идэвхжсээр байна.

Сүүлийн жишээ гэхэд даатгалын салбараас “Мандал даатгал”, “Ард Даатгал” гэсэн хоёр компани анх удаагаа Монголын Хөрөнгийн биржид IPO хийн хувьцаагаа гарган арилжаалж байна. Энэ сарын 17-нд анхны хувьцаагаа гарган арилжааны цан цохиж байсан “Ард Даатгал” ХК-ийн хувьцааны захиалга 9 дүгээр сарын 26-ны 16.00 цагт хаагдаж, 10 хоногийн дотор тус компанийн татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 5.2 тэрбум төгрөгийн 7.5 сая ширхэг хувьцаанд нийт 7 тэрбум төгрөгийн захиалга ирснээр хөрөнгө оруулалт 30 хувиар давж биелжээ.


"Ард Даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах "Бидэнд итгэж, биднийг сонгосон 1400 орчим хөрөнгө оруулагчиддаа талархал илэрхийлж, “Ард Даатгал” та бүхнийхээ итгэлийг дааж, салбарынхаа төдийгүй улсынхаа эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий нээлттэй компани байх болно” хэмээн цохон тэмдэглэлээ.

Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудаас хамгийн олон хөрөнгө оруулагчтай болж буй тус компани Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй юм.

Б.Болд

 

Холбоотой мэдээ