Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын боксын багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчдаа өндөр боловсролтой иргэн болгох зорилгоор Монголын боксын холбооны дэргэд "Боловсролын сан" байгуулж түүндээ жил бүр 55 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргаснаа тус холбооны ерөнхийлөгч, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ мэдэгджээ.
Энэхүү сайн үйлсийн мэдээг өчигдөр үдэш Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин, Ази тивийн хошой аварга Х. Алтанхуягийн "Ардын багш" цолны хүндэтгэлийн цайллагын үеэр МБХ-ны ерөнхийлөгч нийт боксын хамт олондоо хүргэлээ. Бүхий л сурч боловсрох залуу насаа боксын спортын төлөө зарцуулсан тамирчдаа зодог тайлсны дараахь амьдралыг нь баталгаажуулахад тус дэм болох энэхүү шийдвэр нь цагаа олсон ажлын эхлэл боллоо.Мөн тус холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн энэ жил тохиож байгаа Монголын боксын түүхт 70 жилийн ойдоо барьсан бас нэгэн бэлэг байв.