Сонгуулийн зардлын дээд хэмжээг ирэх сарын 1-нээс өмнө зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-26 12:24:08

Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө зарлана гэлээ. 

Сонгуулийн зардлын дээд хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо зарладаг байсан. Харин Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар энэ хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоож нийтэд мэдээлэхээр болсон юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сонгуулийн зардлын хэмжээг Үндэсний аудитын газраас өнөөдөр зарлана гэж мэдээлсэний дагуу тус газраас тодруулахад "Манай байгууллагын холбогдох ажилтнууд энэ хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа. Хараахан зарлах болоогүй. Хуулийн хугацаа гуравдугаар сарын 1-нд дуусах учир үүнээс өмнө зарлаж www.audit.mn цахим хуудаст байршуулна" гэлээ. 

Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар "Төрийн аудитын дээд байгууллага тухайн сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно. Нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг мөн санал авах өдрөөс 120-иос доошгүй  хоногийн өмнө тогтооно" гэж заасан. Харин орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтоох юм. Энэ хугацаа нь гуравдугаар сарын 31-нээр дуусна. 

Дашрамд дурдахад, 2012 оны сонгуульд нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ