Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-20 13:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чүнжү хотноо энэ сарын 10-17-нд болсон "Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам"-д оролцсон Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын баг хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ.

Дэлхийн 51 орны 10 мянга гаруй тамирчин спортын 75 төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан энэхүү наадамд Монголын 28 тамирчин 7 төрөлд өрсөлдсөн. Уг наадамд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, дэд ахлагч Т.Дэчинжурмид чөлөөт бөхийн төрөлд, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр марафоны төрөлд 35 минут 05 секундын амжилтаар тус тус алтан медаль хүртжээ.

Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч Т.Батдэлгэр шатрын төрөлд хүрэл, гар бөмбөгийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн бол усны аврах ажиллагаа төрөлд Хөвсгөл аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис 7 дугаар  байрт шалгарчээ.

Холбоотой мэдээ