Б.Сумъяа “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” боллоо

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2016-02-25 13:22:25

Залуучуудын өвлийн Олимпийн II наадмаас тэшүүрийн төрлөөр алтан медалийг хүртсэн Б.Сумъяа өнөөдөр “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Тэрээр Норвегийн Лиллехаммер хотноо тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багт уралдан Монгол Улсын өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн юм.

Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, ийнхүү шагнасан байна.

Тус олимпийн эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчнаас бүрдсэн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг 1,6 км-т уралдсанаас Б.Сумъяагийн уралдсан баг нэг минут 57 секунд 85 долийн амжилтаар алтан медаль хүртсэн юм.

 Б.Сумьяа нь 2015 оны арваннэгдүгээр сард Нидерланд, Германд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн эрхээ авсан бөгөөд энэ удаагийн наадамд 500 метрийн зайд 21-р байр, 1500 метрийн зайд 24 дүгээр байрыг эзэлжээ. Тэрээр өөрийн эзэмшдэг Монгол Улсын өсвөр үеийн рекорд, насанд хүрэгчдийн улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ