Абэ ОХУ-д айлчлахгүй гэсэн мэдээллийг Япон няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-24 14:49:30

ТОКИО. /Sputnik/.  ОХУ-д айлчлахаас татгалзахыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  хүссэн гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Йошихиде Суга, Ерөнхий сайд Шинзо Абэ энэ хавар ОХУ-д айлчлах төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй гэж мэдэгдэв.

Сири болон Украины хямралыг зохицуулахад үүсээд байгаа санал зөрөлдөөнтэй холбоотойгоор ОХУ-ыг хавчих зорилгоор тус улсад айлчлал хийхгүй байхыг Обама Абэгээс хүссэн тухай мэдээлэл мягмар гарагт гарсан байна. Гэвч Абэ айлчлалдаа өөрчлөлт оруулаагүй гэж мэдээлжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 4, 5 дугаар сард Москвад айлчилна гэж бид төлөвлөж байгаагаа ОХУ-ын Улсын думын Гадаад хэргийн хорооны дарга Алексей Пушков энэ сарын эхээр мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Абэтэй утсаар ярьж, түүний Москвад хийх айлчлалын тухай хэлэлцээр байгуулсан гэсэн мэдээлэл гарсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ