АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хөдөлгөөн өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-23 14:53:21

МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос Авлигатай тэмцэх газар /АТГ/ -ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хөдөлгөөн эхлүүлж буйгаа сэтгүүлчдэд мэдээлэв.

Тус холбооны тэргүүн О.Буяннэмэх “АТГ өнөөдөр бие даасан байдлаа алдаж, улс төрийн нөлөөнд автсан нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, санхүүгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарыг барьж хорих, шалгаж дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлтийг удаа дараа явуулав. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн энэхүү байдал нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсан, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн үзэхээс өөр аргагүй байдалд хүрлээ”  гэв.

Мөн тус холбооноос АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод хандан “Улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалтгүй ажиллаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай мэтээр зарлаж хэлмэгдүүлэхээ зогсоож, намын удирдлагуудыг яаралтай суллахыг шаардаж байна. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэсэн агуулгатай шаардах бичиг хүргүүлэв.

С.Сайнзаяа 

Холбоотой мэдээ