Сирийн дайн – ОХУ ойртож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
amgalan@montsame.mn
2016-02-22 15:23:22

БЕРЛИН. /tagesschau.de/. Сирийн иргэний дайныг түр зогсоох одоогоор боломжгүй байна. ОХУ байлдааны онгоцуудаа Турк улсын хилийн ойролцоо байрлуулсан нь ОХУ болон Турк улс хооронд маргаан үүсгэжээ. Сири улсын хойд нутагт ширүүн байлдаан болж байна.

Галаа түр зогсоох тохиролцоо хэрэгжихгүй, байлдааны ажиллагааг улам гаарч байна. Дипломат хэлэлцээ хийж байгаа ч ямар нэгэн гарц шийд харагдахгүй байгаа аж. Харин ч эсрэгээр,  Армен улсын Эребуни баазад ОХУ байлдааны онгоцнуудаа байрлуулж, Турк улсын хилд бүр ойртон очжээ.

Москва болон Анкара хоорондын хэдэн сарын өмнөөс түвэгтэй болсон харилцааг ОХУ нисэх онгоцуудаа шилжүүлэн байрлуулсан нь улам хурцатгах шинжтэй байна. Учир нь ОХУ-ын сөнөөгч МИГ-29 загварын 4 нисэх онгоц, түүнчлэн бөмбөгдөгч нисэх онгоцууд болон нисдэг тэргүүд Турк улсын хилээс ердөө 40 километр зайтай байрлаж байгаа юм.

ОХУ 9-р сарын сүүлээс хойш Сири улсын иргэний дайнд идэвхтэй оролцож байна. 11-р сард Турк улс агаарын хилийг нь зөрчсөн гэж ОХУ-ын байлдааны нэг онгоцыг Сири улстай залгаа хил дээрээ буудан унагасан билээ. ОХУ хил зөрчсөн хэмээн буруушаасныг няцаасан төдийгүй Турк улсыг Сирид хуурай замын ажиллагаа явуулах гэж байна хэмээн буруушааж байгаа аж.

Турк улс гал нээсэн нь “ер бусын хэрэг”

Сирийн хойд нутаг руу Турк улс их буугаар гал нээснийг Москва эрс буруушааж байгаа бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн “ер бусын хэрэг” хэмээн тайлбарласныг Сирийн мэдээллийн САНА агентлаг уламжилжээ.

Энэ нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг болохыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэйгээ утсаар ярихдаа тэмдэглэсэн байна.

ОХУ болон Асад дайны галыг түр зогсоох тохиролцоо бүтэлгүйтсэний хариуцлагыг хүлээх үү?

Сирийн сөрөг хүчин гал зогсохгүй байгаад Башар Аль-Асад болон ОХУ-ыг буруушааж байна. Ерөнхийлөгч Асад болон түүний холбоотон ОХУ Сирийн Алеппо хот руу 7 хоног гаруй хугацаанд давшихдаа энгийн номхон сиричүүдийг устгасан гэж Эр-Рияд хот дахь сөрөг хүчний гол эвслийн төлөөлөгч хэлжээ.

ОХУ болон Сирийн Засгийн газар гал зогсоох хугацааны талаар огт тайлбар хийгээгүй байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг төрүүлж байна гэж сөрөг хүчний төлөөлөгч хэлжээ.

Т.Билэгжаргал

Холбоотой мэдээ