Хар сүүлт зээр, бөхөн хорогдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говьд цочир хүйтрэл болж, цасны зузаан нэмэгдэж зэрлэг амьтан болох харсүүлт зээр, монгол бөхөнгийн хорогдол гарч байна. Шарга, Хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн 5 жилийн дундажаас 2-3 дахин их 14-17 см шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байгаа гэнэ.
Байгал хамгаалагчдын ярьж байгаагаар энэ жил идэш багатай, шөнөдөө хүйтэн ойрын 10 жил болоогүй хүйтэн өвөл болж байгаагаас хар сүүлт зээр, бөхөн ихээр хорогдож, айлын хот бараадан ирж үхсэн байдалтай тааралдлаа. Шаргын говь, Халиуны хоолой, Төгрөгийн Хүрэн гол орчимд зээр идэшгүй, харгана бутны толгой шагшуургалсан байгаагаас болж зээр бээрсэн байдалтай явж чадахгүй хөшсөн, мөн хэвтэр дээрээ хөлдөж үхсэн хар сүүлт 20 гаруй, бөхөн 6 таарлаа хэмээн ярьж байлаа.
Энэ асуудлаар Аймгийн онцгой комисс хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Халиун, Шарга сумдын нутаг Халиуны хоолой, Төгрөг сумын Хүрэн гол, Цанхилахын сайр, Баян-Уул сумын нутаг Хүйсийн говийн зэрлэг амьтдын бэлчээр нутгаар ажилласан ажлын хэсгийн мэдээлэл сонсож, цаг агаарын хүндрэлтэй байгаа газар нутгуудаар биотехникийн арга хэмжээнд зориулж нөөцийн 540 боодол өвс, тээврийн зардал зэргийг шийдвэрлэж өвс тараах арга хэмжээ аваад байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол