Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргыг сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-19 11:36:10

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын сонгон шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлажээ. 

Монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Монгол хэлний тухай хуулийг УИХ 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна” хэмээн заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгон шалгаруулж гэрээгээр ажиллуулах юм.

Ажлын албаны даргад нэр дэвшигч нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, монгол хэл, уран зохиолын багш, монгол судлаач байх, хэл шинжлэл, утга зохиол судлал чиглэлээр мэргэшсэн байх, монгол хэл, бичгийг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлах ажлын дадлага туршлагатай, байгууллагын холбогдох бичиг баримтыг боловсруулж, тайлан, дүгнэлт гаргах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх шаардлагатай юм байна.

Хэрэв сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүсвэл товч намтар, ажлын туршлагын талаар мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, диплом, сертификат, бусад шаардлагатай бичиг баримтын хуулбар, 1 хувь чээж зурагтай энэ сарын 26-ны өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын battogtokh@president.mn цахим хаяг болон шуудангийн хаягаар ирүүлэх юм байна. Шуудангийн хаяг нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн Ордон-12, Улаанбаатар хот" байх юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ