Өвөл, хаврын саруудад морь уралдуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-19 11:16:27

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт жил бүр тогтоосон хугацаанд хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглох тухай захирамжийг аймгийн Засаг дарга өчигдөр гаргалаа.Хориглох хугацааг жил бүрийн 11 дүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31, 1 дүгээр сарын нэгнээс 5 дугаар сарын нэгний өдөр хүртэл тогтоожээ.

Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- д дээрхи хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр морь унуулахыг хориглосон байдагтай энэхүү захирамжийг уялдуулсан байна.

Өвөл хаврын байгаль цаг агаарын таагүй нөхцөлд морь уралдуулснаар үүсч болзошгүй сөрөг нөлөөг олон нийт, ялангуяа уяачдад сурталчлан таниулахыг Дундговь аймгин “Нарны хүлэг” Морин спорт, уяачдын холбоо болон сумдын Морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт тус тус даалгасан байна.

Захирамжийн хэрэгжилтэд онцгой хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, сумын Засаг дарга  нарт үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа

 

 

 

 

Холбоотой мэдээ