Франц Улсын Элчин сайд Дорноговьд зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-18 16:21:17

Хоёрдугаар сарын 17-нд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак болон “Арева” группын төлөөлөгчид Дорноговь аймагт зочиллоо.

Албаны төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар хүлээн авч уулзаж орон нутгийн хөгжлийн тулгуур хүний хөгжил, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг голлох таван бодлогынхоо талаар дурдан харилцан санал солилцов.

Мөн хатагтай Элчин сайд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд анх удаагаа Дорнын говь нутагт айлчилж говь нутгийн зон олны аж амьдрал, бүтээн байгуулалттай танилцаж буйдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр “Арева” групп өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа товч мэдээллийг хурлын дарга, тэргүүлэгчдэд танилцуулсан. Тус группын санхүүжилтээр “FXB” олон улсын төрийн бус байгууллага энэ оноос эхлэн Сайншанд, Улаанбадрах сумын амьдралын нөхцөл тааруу нэн ядуу 100 өрх айлыг сонгон авч эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг болон орлогын эх үүсвэрийг бий болгох хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. 

Талууд Дорноговьд Францын соёл мэдээллийн төвийг байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хийгээд оюутан солилцоог өргөжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ