Хорогдсон малын дийлэнх нь ямаа байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-09 19:15:37

Одоогийн байдлаар Дундговь аймагт арав шахам мянган толгой мал хорогдоод байгааг аймгийн ХХААГ- аас мэдээллээ. Нийт хорогдсон малын  68 хувь нь ямаа байна.

Нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн энэ сарын эхэн хүртэл хүйтний эрч чангарч, хэд хэдэн удаагийн цасан шуурганы улмаас өвөлжилтийн байдал хүндэрсэн. Үүнтэй зэрэгцэн мал хээл хаях, шүдлэн борлон малын хөлд дарагдаж үхэх зэргээр зүй бус хорогдол ихсээд байгаа юм.

Аймгийн Мал эмнэлэг  Хулд, Сайнцагаан, Говь-Угтаал, Луус сумаас хээл хаясан хорь гаруй бог малын хээл цуглуулан, дээж авч, нян судлалын шинжилгээ хийхэд мал хээл хаяхад нөлөөлдөг ямар нэг өвчин үүсгэгч илрээгүй байна. Иймээс өвөлжилтийн нөхцөл байдал мал хээл хаяхад нөлөөлж байгаа хүчин зүйл гэж үзжээ.

Малын зүй бус хорогдлыг мэдээг ХХААГ долоо хоног бүр нэгтгэн гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сум малын хорогдолгүй гэсэн байна.

15 сумаас 13- т нь нийт 300 шахам мянган толгой малыг  нэмэгдэл тэжээлээр тэжээж байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ