Дэлхийн сайн дурынхны 2015 оны тайлан илтгэл монгол хэлээр гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭДэлхийн сайн дурынхны 2015 оны тайлан илтгэлийг танилцуулах үйл ажиллагаа Улаанбаатар хотноо байрлах НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын 3 дугаар давхрын хурлын танхимд болов.
Тус танилцуулах үйл ажиллагааг нээж Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман хэлэхдээ ”Олон улсын хэмжээнд улс төрийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудалд засаглалыг онцгой авч үздэг. Гэсэн хэдий ч энэ нь нийгмийн бүхий л салбарт хүн бүрийг хамардаг. Энэ нь төр засгийн байгууллагуудын дуу хоолой болон бүх иргэдийн оролцоог нэгэн зэрэг хариуцлагатай болгож сайжруулах тухай асуудал болох тухай” онцлон хэлсэн юм.
Мөн энд хүрэлцэн ирсэн Ази, Номхон Далайн НҮБ-ын Сайн дурын байгууллагын Бүс хариуцсан захирал Манон Бэрниэр Дэлхийн сайн дурынхны 2015 оны тайлан илтгэлийн дэвшүүлсэн дүгнэлт, зөвлөмжийн талаар тайлбарлаж, баримтат кино сонирхуулсан юм. Тэрбээр, "Бодлого боловсруулах үйл явцад сайн дурынхныг илүү татан оролцуулснаар үйл ажиллагаа болгох, үндэсний хөгжлийн тогтолцоо болон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжүүлэх стратегид сайн дурынхныг албан ёсоор бүрэлдэхүүнд оруулах, орон нутгийн болон үндэсний хэмжээнд шийдвэр гаргахад сайн дурын эмэгтэйчүүд, залуучууд, эмзэг бүлгийн хүмүүсийг илүүтэй татан оролцуулах алхмуудыг зөвлөмж болгож буйг онцолж байв. Мөн 2015 онд Монгол Улс, сайн дурынхныг тойрсон асуудалд анхаарлаа сайн хандуулсан хэдий ч залуучуудын оролцоо, гамшгийн удирдлага, тогтвортой хөгжил зэрэг нь үүгээр хязгаарлагдахгүй. Олон тооны нээлттэй хэлэлцүүлгийн турш оролцогчдын болон ард түмний дуу хоолой, мөн Монгол Улсын хөгжилд нь сайн дурынхан чухал үүрэг гүйцэтгэдэг талаар илүү ойлгуулж өгсөн. Энэ нь Монгол Улс дахь бодлого болон сайн дурынхны хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагааны тухай хууль нэвтрүүлэх зэрэг сайн дурын үйлс санаачлагыг дэмжих орчин бий болгох ач холбогдол шаардлагыг дахин нотолсон явдал боллоо. Ирэх он жилүүдэд Монгол Улсад сайн дурынхныг дэмжих жилүүд байх тул одоо гаргасан ололт амжилт дээр суурилж хөдөлгөх хүчийг бий болгох шаардлагатай. НҮБ-ын Сайн дурын байгууллага нь бүх талын оролцоо, дуу хоолойг хамруулах талаар 2016 оны зорилтуудыг дэмжин ажиллах болно” хэмээн онцлон хэлсэн юм.
Дэлхийн сайн дурынхны 2015 оны тайлан илтгэлийг монгол залуучууд эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна. Энэ үеэр энэхүү тайлан илтгэлийг орчуулах ажилд идэвхтэй оролцсон залууст НҮБ-ын батламж болох сертификат гардуулж баяр хүргэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөр /НҮБСДХ/ нь дэлхий дахины сайн дурынхныг нэгтгэсэн, энх тайван, хөгжлийн төлөөх НҮБ-ын харъяа байгууллага юм. Төв нь Германы Бонн хотод байдаг бөгөөд 130 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Уг хөтөлбөр нь дэлхий даяар 80 орчим улс оронд төлөөлөгчийн нэгжтэй бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулж үйл ажиллагаа явуулж байна.
Д.Өлзий