"Хааны эрэлд 2016" товоо гаргаж 47 оронд урилга илгээлээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-27 13:08:01

Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилтыг ирэх тавдугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах тов гаргаснаа БХЯ-наас мэдээллээ.

Энэ жилийн сургуулийг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулна. Өнгөрсөн жилийн "Хааны эрэлд 2015" олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларусь зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан. Энэ талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Б.Эрдэнэбат "Хааны эрэлд-2016" олон улсын сургууль энэ жил маш өргөн хүрээнд зохион байгуулагдана" гэсэн бол Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөө байгууллага”-ын ажиллагааны офицер Х.Ловэлл "Хааны эрэлд" сургуульд 2015 онд дэлхийн 23 орны цэргийн алба хаагчид оролцож байсан бол энэ жил дэлхийн 47 орны 2030 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төв гадаадын цэргийн алба хаагчдыг хээрийн байрлалд хүлээн авах бүрэн боломжтой болсон" гэв. Монгол Улс болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ