Долоон сая ам.долларын өртөгтэй 3 төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-26 17:01:09

Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Монгол Улсын Засгийн газар долоон сая ам.долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Эдгээр төсөл нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан барууун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах, Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Төслийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкыг төлөөлж Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар гарын үсэг зурлаа.

Эдгээр төслийг АХБ-аар дамжин хэрэгждэг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлж байгаа юм. Уг сангийн санхүүжилтээр сүүлийн 16 жилд Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажлын байр бий болгох, бйагаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 42 төсөл хэрэгжүүлжээ.

Хөвсгөл нуурын төсөл нь АХБ-ны Монгол дахь аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй эхний төсөл бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэнэ хэмээн Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер хэллээ.

Дотуур байрны төсөл нь хүүхдүүд, тэр дундаа малчдын хүүхдүүдийн чанартай боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд туслах юм. Говь-Алтай, Увс, Завхан аймгийн сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах үндэсний стратеги, стандартыг боловсруулах үйл ажиллагаа явуулах аж.

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг сайжруулах төсөл нь нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын оршин суугчдын дэд бүтэц, амьдрах орчинг сайжруулахаар Улаанбаатар хотын захиргаанаас авч буй санал санаачилгыг дэмжин ажиллах юм байна.

Энэхүү үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Т.Батцэрэг, БСШУ-ы сайд Л.Гантөмөр,  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Улаанбаатар хотын орлогч дарга С.Очирбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ