Хятадад үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийг бууруулахад олон тэрбум доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-22 14:16:53

БЭЭЖИН. /TASS/. Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийг бууруулахад Хятад улс 4-5 жилийн хугацаанд жил бүр 100 тэрбум юань буюу 15.25 тэрбум доллар гаргана гэж эдийн засгийн “Зинзи цанькао бао” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан бичжээ.

Хүчин чадлын илүүдлийг бууруулахад гаргах нийт хөрөнгө 400-500 тэрбум юань буюу 61-76.25 тэрбум доллар болж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах арга хэмжээг юуны өмнө нүүрсний болон хар төмөрлөгийн салбарт авах аж. Тус сонинд мэдээлснээр, дээрх санхүүжилт нь үндсэндээ ажлын хүчийг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдэхэд чиглэх аж. Зөвхөн нүүрсний үйлдвэрлэлийн салбарт гэхэд 1.8 сая хүнийг ажлаас хална эсвэл өөр ажилд шилжүүлнэ гэж шинжээчид тооцоолжээ. Үүний зэрэгцээ нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 360 сая тонноор буурах аж. Хятадын хөрөнгө оруулалтын томоохон компани болох “China International Capital”-ын шинжээчдийн урьд нь мэдэгдэж байснаар, үйлдвэрлэлийг бууруулсны улмаас тус улсад ойрын жилүүдэд 3 сая хүртэл хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж болзошгүй байна.

Хэд хэдэн салбарын хүчин чадлын илүүдэл болон улс орны эдийн засгийн өсөлт ерөнхийдөө удааширсны улмаас Хятадын аж үйлдвэрлэлд асуудал үүсээд байгаа юм. Зарим салбарт үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулах шаардлагатай байгаа талаар тус улсын эрх баригчид нэг бус удаа ярьсан. “Хүчин чадлын илүүдлийг бууруулах, зардлыг нь бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх эн тэргүүний салбаруудын тоонд гангийн болон нүүрсний салбарыг оруулах ёстой” гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 20-нд мэдэгджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ