Монголын 18-25 насны залуусын 10 хувь нь сонгуульд санал өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-20 11:10:50

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр санал өгөх насны иргэдийн 50,4 хувь нь 18-35 насны залуус байдгийн дөнгөж 20 хувь нь 2012 оны сонгуульд санал өгсөн байна.

Харин 18-25 насны залуусын дөнгөж 10 хувь нь л санал өгчээ. Глоб интернэйшнл төв нь Улаанбаатар хот дахь Их Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр 2015 оны 10 сарын 1-ний өдрөөс эхлэн “Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх“ төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн гол зорилго нь ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, саналаа өгнө гэдэг нь залуус ирээдүйгээ өөрсдөө сонгож байгааг ойлгуулан улмаар энэ насны залуусын сонгуулийн идэвхийг дээшлүүлэхэд оршдог.

Уг төсөл, Монголын залуус яагаад сонгуульд оролцож, саналаа өгдөггүй шалтгааныг судлан, тэдний үе тэнгийнхэн болох 18-25 насны оюутан залуусын дунд “Залуу санаачлагчдын клуб" байгуулан ажиллуулж, улмаар үе тэнгийнхнийхээ дунд үзэл бодлын лидер болсон залуусаар дамжуулан тэдэнд нөлөөлнө. Монголд нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 80 хувь нь 18-35 насны залуус байдаг.

Иймд төслийн баг нийгмийн сүлжээгээр дамжуулан “Миний санал- Миний ирээдүй” мэдээллийн аян өрнүүлнэ. Аяныг клубын гишүүд удирдан, үе тэнгийн залуусын дунд нийгмийн сүлжээгээр өрнөх хэлэлцүүлгийг хөтлөх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ