Хушаат, Сайхан, Цагааннуур сумд ургац хураалтандаа орлоо/багц мэдээ/

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:36:23

Сэлэнгэ аймагт өрнөж буй цаг үеийн ажил нэг өгүүлбэрээр

Шилдэг оёдолчноор С.Туяацэцэг шалгарчээ

Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс энэ сарын 11-ний өдөр "Салатны баяр-2015" үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Тус салатны баярт иргэд цагаан идээ, жимс, жимсгэнэ, зөгийн бал, салат, даршилсан ногоо, оёдол зэрэг бүтээгдэхүүнээр оролцсон байна. Ингээд салатны баяр арга хэмжээний шилдэг оёдолчноор Сүхбаатар сумын иргэн С.Туяацэцэг шалгарч өргөмжлөл, майханаар шагнуулсан байна.

"Хүүхдийн төлөө сайн үйлсийн аян” өрнөж байна

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЗДТГ-аас “Хүүхдийн төлөө сайн үйлсийн аян”-д нэгдэхийг уриаллаа.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогтой өрхийн хүүхдүүдийг сурах, хөгжих, суурь эрхийг нь хүндэтгэн тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж. Тус аян нь энэ сарын 09-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм байна. Аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд тэд хүүхдийн наад захын хэрэгцээнд зориулагдсан хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, хүнсний бүтээгдэхүүн, мөнгөн дэмжлэг зэргийг үзүүлэх ажээ.

Сэлэнгийн ногоо нийслэлд

Сэлэнгэ аймгийн ногоочдын хөдөлмөрөөр бий болсон шинэ ургацын төрөл бүрийн хүнсний ногоо худалдаанд гарлаа.

Сэлэнгэ аймгийн ногоочдын гараар, цэвэр хөрсөнд ургасан экологийн цэвэр шинэ ургацын ногоонууд Улаанбаатар хотын “Скай” худалдааны төв, “Хом” плаза, “Барс” худалдааны төв, “Тэнгэр” бөөний төв болон ойролцоох аймаг орон нутагт худалдан борлуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн ногоочид 201 га- талбайгаас 2184 тонн төмс, 292.1 га-гаас 4056 тн эрт ургацын хүнсний ногоо хурааж аваад байна.

Хушаат, Сайхан, Цагааннуур сумд ургац хураалтандаа орлоо

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хушаат, Сайхан, Цагааннуур зэрэг сумд ургац хураалтын ажилдаа ороод байна.

 Тус сумд нийт 1200 га талбайгаас 1100 тн улаанбуудай хурааж, 1600 га талбайг ангилан хадаад байна.

Сэлэнгэ аймаг энэ жил 4773 тн эрдэс тэжээл бэлтгэнэ

  Сэлэнгэ аймаг энэ жил өвөлжих малын тооноосоо шалтгаалаад аймгийн хэмжээнд 143184 тн байгалийн хадлан, 28637 тн үйлдвэрийн тэжээл, 4773 тн эрдэс тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд