МҮОНТ-ийн "ММ" агентлаг бие даасан төрөлжсөн суваг болж буйгаа зарлав

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2016-01-11 15:43:40

 

МҮОНРТ-ийн ММ агентлаг, “Хурд” агентлаг, MNB.MN сайт, Спортын мэдээний алба, Нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэсэн "Монголын мэдээ" төрөлжсөн суваг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийв.

Ингэснээр МҮОНТ дэлхийн бусад улс орнуудын үндэсний олон нийтийн телевизийн жишгээр төрөлжсөн сувгуудтай болох эхлэл тавигдаж байгаа юм. 

МҮОНТ хоёр сувагтай болж, нэгдүгээр сувгаар үндэсний соёл уламжлал, зан заншлыг таниулан сурталчлах, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг үзэгчдэд хүрэх юм. Харин хоёрдугаар сувгаар нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлага үзэгчдэд хүрнэ.

“Монголын Мэдээ” сувагт шуурхай мэдээ, өглөөний мэдээ, нэвтрүүлэг, спорт, гадаад мэдээний албад гэсэн бүтэцтэй 120 гаруй уран бүтээлч ажиллах аж. 

Нээлтийн ажиллагаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, дэд захирал Д.Энхтуяа, “Монголын Мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхтөр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаяр нарын олны танил эрхмүүд болон гадаадын зочид төлөөлөгчид оролцов.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ